Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын ИТХ

Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын ИТХ

ГУЧИН-УС СУМЫН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

2017-10-25

ГУЧИН УС СУМЫН ТАНИЛЦУУЛГА

 

         Гучин-Ус сум нь 1924 онд  5 баг, 590 өрх, 50000 орчим толгой малтай байгуулагджээ. Одоо тус сум нь 4 баг, 623 өрх, 215534 хүн ам, 216700 толгой малтай,  Улаанбаатар хотоос 520 км, аймгийн төвөөс 105 км зайтай, өөрийн аймгийн Богд, Хайрхандулаан, Баруунбаян-Улаан, Тарагт сумдтай хиллэн говийн бүсэд оршдог.

         Байгаль газар зүйн хувьд сумын нутгийн хойд талд нь хуурай хээрийн, өмнөд тал нь цөлийн хээрийн дэд бүсэд хамаарагддаг, хуурайдуу дулаавтар  уур амьсгалтай.

           Газар зүйн байршлаараа говийн бүсийн сумдын дунд оршдог учир 1950 оноос сум дундын сургууль, эмнэлэг, суманд анх төвлөрсөн түүхэн уламжлалтай бөгөөд одооч сургууль, эрүүл мэндийн төв, цэцэрлэг, соёлын төв зэрэг нь бүсийн нутаг дэвсгэрийн хэмжээнд арга зүйн төв болон ажилладаг онцлогтой юм.

             Хөдөлмөрийн баатар Д.Шарав, Ч.Насантогтох, ардын багш Ч.Дамдиншарав, худалдааны гавъяат ажилтан Ш.Цагаандорж, гавъяат тээвэрчин Ч.Сандагдорж, гавьяат дасгалжуулагч улсын начин Ч.Адъяатөмөр, гавьяат жүжигчин Д.Галсанбат, Лондонгийн олимпийн хүрэл медальт гавъяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ, Монгол Улсын хурц арслан Г.Цоодол, Монгол Улсын начин С.Чулуунбаатар, Д.Батбаяр.

            Шагайн гоц мэргэн Л.Бадарчин, шагайн үлэмж дархан мэргэн Б.Шинэбаяр, Б.Шинэнбат, алдарт шатарчин О.Гаваанинж,  улсын сайн малчин Г.Дорж,  Г.Сэрээтэр, Л.Дэмчиг, О.Дэмчиг, Л.Сэмбэ, улсын аварга малчин Д.Гэндэн, Д.Цэдэн, Ц.Лхамцоо, Ё.Пүрэвгял, Б.Готов, Д.Цэрэндондов  зэрэг дэлхийд болон улс орондоо сум орныхоо нэрийг дуурсгасан хөдөлмөр, урлаг спортын алдартнууд олноор төрөн гарчээ.   

БАЙГАЛЬ ГАЗАР ЗҮЙН БАЙДАЛ, НӨӨЦ БАЯЛАГ

Нутаг дэвсгэр - 475250 га газар нутагтай,   үүнээс хөдөө аж ахуйн газар 464642 га, хот тосгонд 1099 га, зам шугам сүлжээ 501 га, ойн сан 8800 га, усан сан 207 га,  улсын тусгай хэрэгцээнд 1 га  эзэлж байна.  

Газар зүйн байршил- Аргуйт голын зүүн хөвөөө Гурван бургасны  уужим толионд, Монгол орны төвийн бүсийн өмнөд хэсэгт хойд өргөргийн 44056”41”-с45046”41-ийн хооронд , зүүн уртрагийн 101051”58”-с 102053”15”- солбицлын хооронд оршдог.

Газрын гадарга- Сум нь далайн төвшнөөс дээш дунджаар 1490 м, хамгийн.  өндөр цэг Аргалант 1875м, хамгийн нам цэг Монголын хоолой 1279м өргөгджээ. Сумын нутаг нь ерөнхийдөө уул нурууд, цав толгод, ухаа гүвээт тал, хотгор хонхор голлосон гадаргатай юм.Аргалант, Шийр, Эрээлжүүт, Үнэгт, Хонгор, сөнөсөн галт уул Тогоохайрхан зэрэг уул нурууд, Гучин, Хөөвөр, Тэтэн, Харганы өргөн уудам талууд, Хужирт, Бударгана, Тэргэн, Монголын хоолой зэрэг уужим цэлгэр хоолой, Ар-Агуйт, Хүнхрээгийн гол, Хатангийн гурван булаг  зэрэг нь сумын нутгийн үндсэн дүр төрхийг илтгэн харуулна.

Уур амьсгал - Нутгийн хойд хэсэг нь хуурайдуу дулаавтар, урд хэсэг нь хуурай дулаан бүсэд орших бөгөөд жилд дунджаар 102,9мм тунадас /тунадасны 94,6% нь дулааны улиралд IY-X сард/ ордог. Жилийн дундаж температур +3,1 хэм, нэгдүгээр сарын дундаж температур -16,1 хэм, хамгийн үнэмлэхүй бага нь 47,5 /1977/ 7 дугаар сарын дундаж температур +20,7 хэм, хамгийн үнэмлэхүй их нь 50,2 хэм /1978/ болно.

            Жилийн дөрвөн улиралд гол төлөв баруун ба баруун хойт зүгээс 3,1-4,6 м/сек хурдтай салхи салхилах ба ялангуяа хаврын улиралд III-IY сард 15-20 м/сек хурдтай цасан ба шороон шуурга шуурч хавсарга ихтэй байдаг болно.

Ус зүйн нөхцөл- Төв Азийн гадагш урсгалгүй ай савд багтах ба усны сүлжээний нягтшил нь /1000м2 ноогдох уртыг км-ээр илэрхийлсэн утга / 0,01км2 байна. Энд хур тунадас харьцангүй бага, хуурайшилт ихтэй учир голууд нь уулсаас эх авч тал хөндий рүү чиглэхдээ уурших эсвэл хөвсгөр зузаан хөрсөнд шургах замаар аль нэг нуурт цутгадаг. Сумын нутгаар Аргуй, Хүнхрээ зэрэг голууд урсах ба Гурван хатан, Тэтэнгийн хөөвөр, Баруун ганга, Зүүн цавчир зэрэг булаг шандтай.

            Байгалийн бүс бүслүүрийн хувьд заримдаг цөлийн дэд бүсэд багтах ба нутгийн хойд талаар хүрэн, дундуур цайвар хүрэн, урдуур цөлөрхөг хээрийн бор хөрс голлон тархсан. Ургамалжилтын хувьд нутгийн хойд тал нь хуурай хээрийн дэд бүсэд, өмнөд тал нь цөлийн хээрийн бүсэд багтаж, нутгийн толгодорхог хэсгээр хуурай хээрийн шинжийг хадгалсан шивээт хялганат болон жижиг үетэн алаг өвст бэлчээр, бусад хэсгээр цөлөрхөг хээрийн бэлчээр тархжээ.

Байгалийн баялаг ан амьтан

            Сумын нутагт аргаль, хар сүүлт, цагаан зээр, үнэг, хярс, өмхий хүрэн, тарвага зэрэг үслэг ан, тоодог, ятуу, ногтруу зэрэг жигүүртэн шувууд, төмөр, зэс, гөлтгөнө, мана, болор, шохойн чулуу, шатдаг занар, уран, шөрмөсөн чулуу зэрэг байгалийн баялгийн илэрцүүдтэй.

            Бага эрээн, Монгол, Шинэ ус, Хуазангийн хоолой ,  Урд Хөөвөр, Гучингийн нуруу  зэрэг газрууд нь нэн эрт цагт томоохон усан сан байсан шинжтэй бөгөөд эдгээр газруудад олон сая жилийн тэртээ амьдарч байсан махчин, өвсөн тэжээлт гүрвэл, хөхтөн болон далайн амьтдын чулуужсан яс үлдэгдэл нэн элбэг.

            Сумын нутаг урд Хөөвөр, Андайн худгаас цэрдийн галавын үеийн эх газрын ургамал, цэнгэг усны дун хясаа, Острокад, шавьж, загас, яст мэлхий, үлэг гүрвэл, доод шатны хөхтөний үлдэгдэл, Хүнхрээгийн голоос Неогений галавын Плиоцены үеийн шувуу, эх газрын ургамал, эртний адууны өвөг, загасны үлдэгдэл олджээ. Мөн урд Хөөвөрөөс одоогоос 120 сая гаруй жилийн тэртээ амьдарч байсан олон төвгөртөн хэмээх хөхтөн амьтдын  үлдэгдэл олдсон нь манай орноос олдсон хамгийн эртний хөхтөн амьтан болж байна.

            Манай эриний өмнөх буюу дараах үед амьдарч байсан манай өвөг дээдсийн ул мөрийг илтгэх хөшөө дурсгал, булш хиргисүүр их, бага Тэвш, Шийр, Аргалант, Тогоо хайрхан, Уушиг, Хатан, Хашаат зэрэг газар нэн элбэг тохиолдох бөгөөд Паалуугийн тээг, Дөрөлж, Уушиг, Шийрт морь хөллөсөн тэрэг, хүн болон янгир, буга согоо, гахай намнаж буй хүний сүг зураг бүхий хад, Аргалантын баруун хойд үзүүрт орших Цонжийн овоо, Уушигийн цохионы хойд тал болон Уушигийн усны хоолойд эртний цэргийн жанжнуудын дурсгалд зориулсан байж болох 2 м орчим өндөр илдний хэлбэртэй хоёр хөшөө чулуу зэрэг түүхийн дурсгалт газрууд байдаг болно.

            Төгрөг сумын нутаг зүүн Уушигт байдаг хөшөө нь биенийгээ харсан байрлалтай тул Халхын даллаганы савны гурван хөшөө гэдэг домогтой юм. Дөрөлж, Паалуугийн хадны сүг зургууд нь МЭӨ 2 мянган жилийн сүүл, 1 мянган жилийн эхэн үетэй холбогдоно. Сумын нутгаас чулуу, хүрэл, төмөр зэвсгийн үед урлаж бүтээсэн хөдөлмөрийн болон цэргийн багаж зэвсэг нилээд олддог бөгөөд түүний дээж нь сумын Орон нутгийн судлах музейд тавигдсан болно.

            “Монгол улсын түүх” тэргүүн ботийн 115 дугаар тал болон “Монголын зэвсгийн товч түүх” гэдэг зохиолд тус сумын нутгаас зэсийн хүдэр  малтаж байсан орд, уурхайн ором, эрт цагт зэс хүрэл хайлж байсан нутаг бууц, зуухны улбаа олджээ гэсэн нь эрт цагаас хүн амьдарч байсан нотолгоо юм.

УУЛ НУРУУ :

 Аргалант уул – Гучин ус сумын төвөөс баруун зүгт 30 гаруй километр зайд оршдог. Говь-Алтайн салбар бэсрэг уулсад хамрагдана. Баруун хойноос зүүн урагш байрласан,24х7 км буюу 168 хавтгай дөрвөлжин км талбай эзэлдэг, далайн түвшнээс дээш 1875 м өргөгдсөн уул юм.  Хонь ямаа үржин өсөх газар гэж шинжсэн домогтой. Энэ уул 90 өвөлжөө хаваржаа 10 худаг, булаг шандтай . Аргал угалз, янгир, чоно, үнэг хярс, хар сүүлт зэрэг ан амьтад бүргэд , тас, ууль, ятуу зэрэг жигүүртэн шувуудтай. Аргалант уулын Сүвтийн хярд эртний хүмүүсийн урласан хадны сүг зураг, Цонжийн овоонд цэргийн харуулын байрны туурь байдаг. Тус уул нь Нарийн хар, Цонж ,Хүрэн хошуу, Ганц сүвт, Модон овоо, Банзан хад ,Салхит, Хадан хүрээт, Бага Аргалант гэсэн 10 хэсэгт хуваагддаг.

Цахир цагаан уул – Сумын төвөөс хойш 20 км орчимд далайн түвшнээс дээш 1640м өндөрт өргөгдсөн уул. Цахир цагаан уулын орчимд түүний салбар Зээргэнэт,  Хүрт зэрэг уул, Цахирын олон худаг, Хазаарын толгой , Хүртийн тээг, Өвөр хажуу зэрэг ус ундарга сайтай худгуудтай тул жилийн дөрвөн улиралд мал сүрэг идээшилдэг өнтэй нутгаа.

Цонжийн бэхлэлт- Сумын төвөөс 30 орчим км-т  Цонжийн дөрөлжний онин дээр оршдог. Урт 4 м, өргөн нь 3 м , өндөр 2 м юм. Энэ шавар бэхлэлтийг анх бух дарах үеийн буюу төмрийн үед төмөр  хайлуулах зорилгоор барьсан гэж үздэг. Бух дарах арга гэдэг нь 2 уулын онь газар шатаах зуухаа барьж салхины хүчийг ашиглан төмрийн хүдрийг хайлуулдаг байжээ. Хожим нь 1650-иад онд Галдан бошигт  хаан цэрэг дайны зориулалтаар  бэхлэлт болгон ашиглаж байсан тул бэхлэлт хэмээн нэрлэгджээ .

Тогоо хайрхан- Эртний сөнөсөн галт уул. Сумын төвөөс баруун тийш 20 км-т оршдог. Булш хиргэсүүр, галт уулын дэлбэрэлтийн ул мөр тогоонууд байдаг .

Гурван Эрээлжүүт- Сумын нутгийн өмнөд хэсэгт баруунаас урагш 40км км орчимд 1400-1430 м өргөгдсөн, эргэн тойрон 30 гаруй км –ын алсын хараатай . Уулын орчин нь заг бударгана, бөөрөлжгөнө, таана, хөмүүл баглуур бор мод хялгана, бажуун голлосон өтгөн сахлаг ургамалтайгаас гадна зарим газарт хүнсэнд хэрэглэдэг  ургамал болох  хулангийн ундаа, гоёо, хармаг ургадаг. Эрээлжүүтэд хар сүүлт , зээр байнга нутагшин амьдардгаас гадна ногтруу хулан жороо зэрэг шувууд, үнэг чоно зэрэг амьтадтай.

Гучингийн нуруу- Сумын төвөөс урагш 30 орчим км –т байх нуруу. Энэ нурууны эхэнд 93х100 м талбайд эртний амьтдын чулуужсан ясны үлдэцүүд байдаг.

Унжуугийн нуруу – Сумын төвийн зүүн хойд , зүүн талаар  үргэлжилдэг, 1600м өндөртэй .Энд хялгана, таана хөмүүл хазаар өвс, харгана голлон ургадаг. Өвлийн улиралд цас тогтдоггүй онцлогтой . Уг нуруу нь Хайрхан дулаан сумын нутгаас эхэлж Төгрөг сумын нутагт төгсдөг.

Үнэгт уул- 1500 м өндөртэй тахилгатай уул. Их бага үнэгт гэсэн 2 уул зэргэлдээ оршдог. Өвс ургамал сайтай , өвөлжөө хаваржаануудтай.

Хонгорын нуруунууд- Сумын нутгийн баруун урд хэсэгт оршдог. Урд хонгор 1454м, хойд хонгор 1543м- өндөртэй.

Монголын хоолой-  Өвөрхангай аймгийн ИТХ-ын 1997.03.27-ны өдрийн 42 тоот тогтоолоор аймгийн тусгай хамгаалалтанд авч, хилийн цэсийг тотоосон бүс нутаг.Сумын  нутгийн урд хэсгийн говь цөлийн бүсийн өвөрмөц бичил цаг уур бүхий газар нутаг. Энд 16800 га загийн хөндий багтдаг , заган ой нь Монголын хоолой , Гишүүнт, Овоот, Үнэгт болон Бага монгол толгойн өврөөр тархан 8800м га эзлэн ургасан

Гол ус худаг : Ар-Агуйн гол – Сумын нутаг дэвсгэр дээгүүр 70 км урсан өнгөрдөг хангайн нуруунаас эх авч урсдаг томоохон гол .

Хүнхрээгийн гол –Бага Богд уулын зүүн бэл  Амны уснаас  эх авч сумын урд хилийн дагуу 43 км урсаж ай савынхаа дагуу хэд хэдэн жижгэвтэр тойром үүсгэн Овоот толгойн өврийн зэгст тойромд шингэдэг. Энэ голоос эртний адууны өвөг, загас , шувуу, зарим ургамлын үлдэгдэл олдож судлагдсаны дээр XIX зууны Манж Хятадын  худалдаачид суурьшин амьдарч чацаргана үзэм тариалж, шаазан ваарны үйлдвэрлэл эрхэлж байжээ. Эрт цагт говь нутагт асар их ган болж энэхүү голын сав нутгаар хүн хэрээ хоёроос өөр амьтан үлдээгүй тул энэ голыг Хүнхрээгийн гол гэж нэрлэсэн  домогтой.

 Цагаан эргийн худаг- 1957 онд сумын төвөөс урагш 45 км-т “Цагаан эрэг “ гэдэг газарт 5040 литр/ цаг ундаргатай гүн өрмийн худаг гаргаж байжээ. Энэ нь Өвөрхангай аймгийн анхны гүн өрмийн худаг байсан бөгөөд одоо ч ашиглаж байна.

Нуур:Зэгст нуур-   Сумын төвөөс хойш 20 гаруй км-т Ар-Агуйн голын ойролцоо 1310 м өндөрт оршдог. 0,5 км2 талбайтай 1,5км урт ,0,5 м өргөн эргийн шугамын дагуу урт 3,0 км. Хэд хэдэн булаг нийлдэг.

 Зэгстийн зүүн нуур- 1310 м өндөрт оршдог. 0,6 км2 талбайтай 2,2 км урт, 0,3 км өргөн эргийн дагуу урт 4,2 км

Гурван бургас – Сумын төвийн ойролцоо Ар-Агуйн голын ойролцоо хоорондоо 5 км зайтай 3 бургас ганц ганцаараа ургасан байдаг. Ар-агуйн голын хөндий нь дэрс бут   болон таана, хялгана зэрэг бутлаг ургамал элбэгтэй бөгөөд голын эхээс адаг хүртлээ өөр бургасгүй ажээ. Энэ гурван бургас нь өнө эртнийх боловч цагийн уртад нэмэгдэж ургаагүйн дээр хорогдож багас ч байгаагүй нь сонин. Нутгийн иргэд 3 бургасаа хайрлаж хамгаалдаг уламжлалтай

Гурван Хатан – Тус бүртээ 0,5-1км бүхий урсац,  дэрс хулс зүлэг бүхий тогтоцтой 3 булаг сумын нутгийн зүүн  хэсэгт оршдог .

ТҮҮХ СОЁЛЫН ДУРСГАЛ :

 Булш хиргэсүүр – Сумын  төвөөс баруун хойш 23 км-т Паалуугаас урагш 1 км-т жижиг толгойн дунд 13 м-ийн диаметртэй битүү чулуун хүрээтэй дөрвөн талаасаа орцтой томоохон хиргэсүүрүүд орших бөгөөд үүнийг хүннүгийн үед хамаарах булш гэж үздэг .

Их дөрөлж- Сүг зураг бүхий хадтай 1 км орчим үргэлжилсэн сувраа толгод .

Паалуугийн дурсгал –Хадны сүг зурганд  гэр бүл,  хүн ба амьтны  зан үйл , харьцаа харуулсан , ан амьтан  моринд хөллөсөн сүйх тэрэг зэргийг  харуулсан   олон төрлийн дүрс байдаг. Д.Цэвээндорж, Ким нарын ”Монгол улсын түүх” номонд... Их дөрөлж, Паалуу гэдэг газраас олдсон хадны сүг зургийг судлан “ Монголын хадны сүг зураг бүтээлийг солонгос хэлээр нийтэлж байжээ. ..Эдгээр сүг зургууд нь МЭӨ II  мянган жилийн сүүл  1 мянган жилийн эхэн үетэй холбогдоно. Монголын говь нутгаас олдсон  эдгээр сүг зураг нь эртний нүүдэлчдийн түүх, соёл ,угсаа гарал, зан заншлын чухал дурсгал  болохыг дурьдаад  улмаар хүн төрөлхтний эртний урлагт зохих хувь нэмрээ оруулсан урлагийн бүтээл болохыг батлан илэрхийлсэн байдаг / хуудас125/

Уушгийн хөшөө- Сумын төвөөс зүүн тийш 20 орчим км-т Хөшөөн хонд гэдэг газар оршдог. Энэ хөшөөнүүдэд маанийн 6 үсэг бусад зураг дүрс байдаг

 Дурсгалын хөшөө- Дэлхийн энх тайвныг дэмжигч монголын анхны  бүс нутаг болсонд зориулж  сумын засаг даргын тамгын газрын цэцэрлэгт хүрээлэнд 2010 онд босгов.

Суварга:   Гучинс ,Төгрөг  сумдын зааг нутагт Их мөнх уулын зүүн урд Сайн ноён хан аймгийн Сайн ноёны болон Үйзэн вангийн хошууны хилийн тэмдэгт болох суварга оршдог .

 

 

ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1264
494 / 39%
402 / 32%
177 / 14%
191 / 15%