
Хангайн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан өнөөдөр Архангай аймагт амжилттай зохион байгуулагдлаа. Арга хэмжээнд УИХ, Засгийн газрын гишүүд, Өвөрхангай, Баянхонгор, Архангай аймаг, сум, багийн удирдлагууд, хувийн хэвшил, олон улсын болон орон нутгийн төр захиргааны байгууллага, эрдэмтэн, судлаачид, иргэдийн төлөөлөл оролцлоо.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дүгнэж хэлэхдээ Хангайн бүсийн зөвлөлийг байгуулж, албажуулахаар болсныг мэдэгдээд хангайн бүсийг уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгууллатын дэд бүсээс гадна аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлэх саналыг Засгийн газраас онцгой дэмжихээ илэрхийллээ. Мөн татварын давуу байдлыг уламжлалт мал аж ахуйг хөгжүүлэхэд чиглүүлэхэд бэлэн байна. Аялал жуулчлалын тухайд байгалийн болон түүхэн аялал жуулчлалыг төрөлжүүлж хөгжүүлэх саналыг хүлээн авч байна гэлээ. Байдрагийн усан цахилгаан станцын төслийг эхлүүлэх асуудлыг судалж, шийдвэрлэх, улсын төсвөөр эхлүүлсэн дутуу орхисон төслүүдийг дуусгах, ирэх жилийг Засгийн газраас “Боловсролыг дэмжих жил” болгосон учраас энэ салбарт хэрэгжүүлэх төслүүдийн саналыг авах, хангайн бүсийг Шивээхүрэн боомттой авто замаар холбох зэрэг нийт 17 багц асуудлыг судалж, Засгийн газрын хуралдаанд танилцуулан шийдвэрлүүлэхийг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Э.Одбаяр нарт даалгалаа.

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханы тушаалаар бүс нутгийн хөгжлийг дэмжих талаар төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, бүсийн нийгэм, эдийн засгийн хөгжлийн асуудлыг зохицуулах чиг үүрэг бүхий “Бүсийн зөвлөл”-ийн дарга нар томилогдож байгаа аж. Бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан”-ыг бүс тус бүрээр зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд бүсийн зөвлөлийн даргыг аймгуудын нэрний цагаан толгойн үсгийн дарааллаар сонгохоор тогтсон. Уг заалтын дагуу Хангайн бүсийн зөвлөлийн даргаар Архангай аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид ажиллахаар болов.

Хангайн бүс 90.2 мянган өрхтэй, 293.9 мянган хүн амтай, 144 мянган ажиллах хүчтэй, хүний хөгжлийн индекс 0.74 байна. Эдийн засгийн үзүүлэлтийн хувьд ДНБ нь 2.7 их наяд төгрөг, үүнийг бүтцээр нь авч үзвэл хамгийн их буюу 52.6 хувийг хөдөө аж ахуйн салбар, 32.2 хувийг үйлчилгээ, 15.2 хувийг үйлдвэрлэл эзэлж байна. Үйл ажиллагаа явуулж байгаа 6770 аж ахуйн нэгжтэй, дундаж цалин 1.4 сая төгрөг байна.
ХӨГЖЛИЙН ТУЛГАМДСАН АСУУДЛЫГ ХУРДТАЙ ШИЙДВЭРЛЭХ “БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН БОДЛОГО” ХАНГАЙН БҮСЭЭС ЭХЭЛЛЭЭ.






