Албан хаагч, ажилтны сонгон шалгаруулах журам
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАНЫ УДИРДАХ АЛБАН ТУШААЛД ТОМИЛОГДОХ АЖИЛТНЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ Нэг. Нийтлэг үндэслэл 1.Төрийн захиргааны болон хуульд өөрөөр заагаагүй бол төрийн тусгай алба (цаашид "Төрийн жинхэнэ алба" гэх)-ны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулахтай холбогдсон харилцааг зохицуулахад энэ журмыг баримтлана. 2.Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд төрийн захиргааны болон төрийн тусгай албаны зорилт, чиг үүргийг хэрэгжүүлдэг төрийн байгууллагын зохион байгуулалтын бүтцийн нэгжийн дарга, түүнээс дээшхи бусад албан тушаал хамаарна. 3.Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаал /цаашид "удирдах албан тушаал" гэх/-д томилогдох ажилтныг сонгон шалгаруулах ажлын зорилго нь Төрийн албаны тухай хуулийн 10.1, 10.3, 10.4, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 5.1.3-т заасан болон тухайн албан тушаал (ажлын байр)-д тавигдах шаардлагыг хангасан, төрийн албаны зорилт, чиг үүргийг мэргэшлийн өндөр түвшинд хэрэгжүүлэх удирдах ажилтныг шилж сонгоход оршино. 4.Удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулахдаа хууль дээдлэх, шударга, ил тод байх, адил тэгш хандах болон нээлттэй өрсөлдөөний зарчмыг удирдлага болгоно. 5.Төрийн албаны тухай хуулийн 16.1-д заасны дагуу удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулахад үндэс, угсаа, арьсны өнгө, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол болон нам, олон нийтийн бусад байгууллагын харъяалал зэргээр ялгаварлаж болохгүй. 6.Төрийн жинхэнэ албан тушаалд тавих ерөнхий болон тусгай шаардлага, ёс зүйн хэм хэмжээ, Төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх болзол хангасан Монгол Улсын иргэн сонгон шалгаруулалтад орно. 7.Төрийн жинхэнэ албанд анх орох иргэн Төрийн албаны тухай хуулийн 16.2-т заасан шаардлагыг хангаагүй тохиолдолд сонгон шалгаруулалтад орохгүй. 8.Сонгон шалгаруулалттай холбогдож гарах зардлыг тухайн төрийн байгууллага жил бүр төсөвтөө тусгасан байна. Хоёр.Сонгон шалгаруулалтад хамрагдах албан тушаалтан 9.Төрийн албаны зөвлөл нь дор дурдсан удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулна: а/Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 45.1.1- 45.1.7-д заасан Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга, Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга, яамны Төрийн нарийн бичгийн дарга, Улсын Их Хуралд ажлаа тайлагнадаг байгууллагын ажлын албаны дарга болон хуульд өөрөөр заагаагүй бол Засгийн газрын агентлагийн дарга, Улсын ерөнхий прокурорын газрын Тамгын газрын дарга, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга зэрэг ерөнхий менежерийн үүрэг гүйцэтгэх албан тушаалтан; б/дор дурдсан байгууллагын зохион байгуулалтын бүтцийн нэгжийн болон энэ журмын 9-ийн "а"-д зааснаас бусад удирдах албан тушаалтан: 1/Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар; 2/Улсын Их Хурлын Тамгын газар; 3/Засгийн газрын Хэрэг эрхлэх газар; 4/Yндсэн хуулийн цэц; 5/Улсын дээд шүүх; 6/Улсын ерөнхий прокурорын газар; 7/яам /хэлтэс, алба, тасгийн дарга хамаарахгүй/; 8/Шүүхийн ерөнхий зөвлөл; 9/хуульд өөрөөр заагаагүй бол Улсын Их Хуралд ажлаа тайлагнадаг байгууллага. в/Засгийн газрын тохируулагч агентлагийн зохион байгуулалтын бүтцийн нэгжээс дээшхи, энэ журмын 9-ийн "а"-д зааснаас бусад удирдах албан тушаалтан; г/Улаанбаатар хотын Ерөнхий менежер, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргаас дээшхи удирдах албан тушаалтан болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга. 10.Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл /цаашид "Салбар зөвлөл" гэх/ нь энэ журмын 9-д зааснаас бусад удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулна. Гурав. Удирдах албан тушаалд томилогдох ажилтны сул орон тооны захиалга ирүүлэх 11.Томилох эрх бүхий этгээд нь энэ журмын 9-ийн "а"-д заасан удирдах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн албан тушаалд ажиллах удирдах ажилтныг сонгон шалгаруулах захиалгыг ажлын байрны тодорхойлолтын хамт Төрийн албаны зөвлөлд ирүүлнэ. 12.Удирдах албан тушаалтны албан тушаалын тодорхойлолтыг томилох эрх бүхий этгээд баталсан байна. 13.Албан тушаалын тодорхойлолтод тухайн албан тушаалын зорилго, зорилт, гүйцэтгэх чиг үүрэг, хүлээх хариуцлага болон дор дурдсан шалгуурыг хангасан байдлыг тусгасан байна: 1/тухайн албан тушаалыг эрхлэх мэдлэг; 2/боловсролын түвшин; 3/мэргэжил; 4/ажлын туршлага, мэргэшлийн ур чадвар. 14.Энэ журмын 11-д зааснаас бусад төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтан /цаашид "удирдах албан тушаалтан" гэх/-ы сул орон тоо гарсан тохиолдолд томилох эрх бүхий этгээд нь: а/Төрийн албаны тухай хуулийн 17.1-д заасны дагуу тухайн байгууллагад ажиллаж байгаа буюу төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас үйл ажиллагааны үр дүн, төрийн жинхэнэ албан тушаалд бэлтгэгдсэн байдал, мэргэшлийн түвшингээр нь 2-оос доошгүй хүнийг сонгон шалгаруулж, Төрийн албаны зөвлөл буюу Салбар зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн албан тушаал дэвшүүлэх замаар уг орон тоог нөхөж болно; б/энэ журмын 14-ийн "а"-д заасан албан хаагчдаас нөхөх боломжгүй бол Төрийн албаны зөвлөл буюу Салбар зөвлөлийн удирдах албан тушаалтны нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн иргэдээс тухайн албан тушаалд тавих шаардлагыг харгалзан 2-оос доошгүй иргэнийг сонгон шалгаруулж, Төрийн албаны зөвлөл буюу Салбар зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн уг орон тоог нөхөж болно; в/энэ журмын 14-ийн "а", "б"-д заасны дагуу тухайн орон тоог нөхөх боломжгүй тохиолдолд уг ажлын байранд ажиллах удирдах албан тушаалтныг сонгон шалгаруулах захиалгыг ажлын байрны тодорхойлолтын хамт Төрийн албаны зөвлөл буюу Салбар зөвлөлд ирүүлнэ. 15.Энэ журмын 14-ийн "а", "б"-д заасны дагуу удирдах албан тушаалтныг сонгон шалгаруулж ажилд томилсон тохиолдолд тухайн албан тушаалтныг ямар шалгуураар томилсон тухайгаа Төрийн албаны зөвлөл буюу Салбар зөвлөлд бичгээр мэдэгдэнэ. 16. Энэ журмын 9, 10, 14-ийн "в"-д заасан удирдах албан тушаалын сул орон тооны захиалгын тоо, ажлын зайлшгүй шаардлагыг харгалзан сонгон шалгаруулалт явуулах хугацааг Төрийн албаны зөвлөл буюу Салбар зөвлөл тухайн үед нь шийдвэрлэж байна. Дөрөв. Сонгон шалгаруулалтыг мэдээлэх 17.Төрийн албаны зөвлөл буюу Салбар зөвлөл нь энэ журмын 9-ийн "а", 14-ийн "в"-д заасан тохиолдолд сонгон шалгаруулалт явуулахаас 21-ээс доошгүй хоногийн өмнө тухайн албан тушаалын талаар болон бусад холбогдох мэдээллийг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлнэ. 18.Мэдээлэлд нэр дэвшигчид тавих болзол, шаардлага, бүрдүүлэх материал, сонгон шалгаруулах комиссын хаяг, харилцах утасны дугаар, материал хүлээн авах, бүртгэх болон сонгон шалгаруулалт явуулах байр, хугацаа зэргийг заана. Мэдээлэлд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд сонгон шалгаруулах комисс тухай бүрд нь мэдээлж байна.